Бусдыг айлгах нь бусдад хайрлагдахаас илүү амар

“Бусдыг айлгах нь бусдад хайрлагдахаас илүү амар” гэж 16-р зуунд Niccolò Machiavelli өөрийн “Ханхүү” гэх улс төрийн номлолдоо өгүүлсэн байдаг. Үүнээс хойш 500-д жилийн дараа Robert Greene зохиолчын “Хүч чадлын 48 хууль” гэх ном гарчээ. Хэрвээ Макиавелли 500 жилийн дараа гарсан энэ номыг уншсан бол сэтгэл зүрх нь огших байсан байх. 

Ном дахь хүч чадлын хуулиудаас дурдвал:

Хууль 3, Санаа зорилгоо далд байлга

Хууль 15, Өрсөлдөгчөө бяц гишгэ

Хууль 18, Бусдыг айдсаар хүл

Ерөнхий санаа нь нэг иймэрхүү. Танд төсөөлөгдөж байгаа байх. 

Зуу зуун жил эрх мэдлийг Макиавелли, Грийнэ хоёрын номлосноор ойлгож ирсэн бид эрх мэдэл гэж хүч, овжин заль мэх, худал хуурмаг, дарамтаар олж авдаг зүйл гэж ойлгох нь элбэг.

Магадгүй зарим хүмүүс удирдагч байхад эдгээр чанарууд хэрэг болно ч гэж бодно. Нийгэм нэг чигт харж, дардан замаар явахад эрх мэдлээ түрэмгийлэн ашиглаж чадах хүн бидний хувьд удирдагч мөн гэж итгэнэ. Тэгж итгэдэг болохоор хүмүүс гаднаасаа хүчтэй харагдах, түрэмгий хүмүүсийг өөрсдөө удирдагчаараа сонгоно. Путин, Трамп, манай нэр бүхий хүмүүс, тэдний арга барил санаанд чинь орж ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. 

Судалгаагаар хүн эрх мэдэлд хүрсэн тохиолдолд илүү хувиа хичээсэн, огцом бас түрэмгий шийдвэр гаргадаг болох магадлалтай гэж үздэг. Илүү хүчтэй, эрх мэдэлтэй гэж өөрийгөө мэдэрсэн үедээ хүний бусдын оронд өөрийгөө тавих, дэлхийг бусдын нүдээр харах чадвар нь сулардаг байна.

Жишээлбэл, судлаач нар туршилтаар хүнд эрх мэдлийг олгоход, эрх мэдэлтэй болсон хүмүүс бусдад илүү ёс зүйгүй хүрч, илүү шулуун сээтгэнэж, тохиролцоонд саналаа түрүүлж тавьж, мөрийтэй тоглож, эрсдэл өндөртэй шийдвэр гаргаж, тавган дээр үлдсэн сүүлийн жигнэмгийг хэнээс ч санаа зоволгүй авч иддэг байна. 

Азаар цаг үе өөрчлөгдөж, эрх мэдлийн шинжлэх ухаан шинэчлэгдэж байна. Бусдын хэрэгцээ, шаардлагыг мэдрэмжтэй олж харж чаддаг, ойлгодог, хариуцлагын мэдрэмж өндөр хүмүүс эрх мэдлийг хамгийн үр дүнтэйгээр эзэмшдэг байна. Заль мэх, худал хуурмагаас илүү бусдын оронд өөрийгөө тавьж мэдрэх чадвар, нийгмийн чадамж нь эрх мэдэлд хүрэх, түүнийгээ тогтвортой хадгалахад хамгийн чухал чанарууд гэгдэх болж. 

Эрх мэдэлд хүрэх болон эрх мэдлээ хадгалж үлдэхэд хамгийн чухал гэгдэх чадварууд нь эрх мэдэлд хүрсэн тохиолдолд хамгийн түрүүнд замхарч алга болдог нь хачирхалтай. Үүнийг эрх мэдлийн парадокс гэнэ. 

Тэгэхээр бид эрх мэдэлд хүрэхэд бидний өөрийгөө болон бусдыг харах өнцөг гажууддаг гэдгийг мэдсэн юм чинь хүч чадал, эрх мэдлийг даган эргэлдэх олон үзэл баримтлал болон эрх мэдэлтэй хүмүүсийн шийдвэр, хандлагад шүүмжлэлтэй хандаж байх хэрэгтэйгээс гадна хэрвээ та эрх мэдэлтэй, хүчтэй нэгэн болвол өөрөөсөө би бусдын нүдээр амьдралыг харж мэдэрч ойлгож чадаж байна уу эсвэл хувиа хичээсэн нэгэн болчихсон байна уу гэдгээ үргэлж асуусаар байгаарай. 

Сэтгэгдэл үлдээх
1 Shares: