Q. Өнөөдөр ч сайхан өдөр байна шүү, ажил нь сайн уу, юу хийгээд байна, хоол идсэн үү, сайхан амарсан уу, унтаач кк.
A. Сайхан өдөр байна, сайн сайн, чи сайн уу, тайван дөө, ажлаа л хийгээд байна. Сайн сайн, би зүгээр, бүх юм сайхан байна.
Танил харилцан яриа байна уу? Үүнээс цаашаа гүн яриа хэрхэн өрнүүлдэг вэ? Бид хэзээ өөрийн хамгийн том айдас, хамгийн том сул тал, ичиж явдаг зүйл, үнэт зүйл, хүсэл мөрөөдлөө хүнтэй хуваалцдаг юм бэ?
Хажууд найз нөхөд байсан ч, дурлалт хостой ч, өнөр өтгөн гэр бүлтэй ч хүн ганцаардлыг мэдрэх үе бий. Хэн нэгэнд сонсогдох, хэн нэгнийг чин сэтгэлээсээ сонсох, ойлгох, ойлголцох, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хангагдахгүй байхад бид ганцаараа бас нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжийг авдаг.
Найзуудтайгаа уулзсан ч, шинээр хүнтэй ярилцсан ч, гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцах гэсэн ч яриа нэг л өнгөц, ёс төдий хэлдэг хэдэн үгс дунд эргэлддэг болж. Ямар сайндаа хүнтэй хэрхэн дотно яриа өрнүүлэх вэ гэж гүүгл ахаасаа асуугаад сууж байх вэ дээ.
Тэгээд л өнөөдрийн нийтлэлээрээ нэг нэгнээ илүү сайн таньж мэдэх харилцан яриа үүсгэх асуултуудыг бэлтгэхээр шийдлээ. Харилцан ярианы давтамж ойр, агуулга нь гүн байх тусам тухайн харилцаа илүү утга учиртай, үргэлжлэх магадлал нь урт болдог байна. Та яг одоо найзыгаа, хайртыгаа, магадгүй шинэхэн танилаа хажуудаа авч ирээд доорх асуултуудын хүрээнд ярилцаарай.
Заавар: Дараах асуултуудад чин сэтгэлээсээ, аль болох дэлгэрэнгүй хариуна уу! Хамгийн гол нь догь харагдах гэж оролдож өөртөө болон хамтрагчдаа худал ярих хэрэггүй 😉
1. Хүүхэд наснаасаа хамгийн үгүйлж байгаа зүйл чинь юу вэ?
2. Чиний хувьд ямар өдрийг төгс өдөр гэх вэ?
3. Чиний хувьд нөхөрлөлийн үнэ цэн хаанаа байдаг вэ?
4. Хамгийн гоё дурсамжаа хуваалцвал?
5. Амьдралдаа хийсэн хамгийн галзуу үйлдэл чинь юу байсан бэ?
6. Амьдралд чинь хайр дурлал, халамж анхаарал хэр чухал зүйл вэ?
7. Хамгийн сүүлд хэзээ хүний хажууд уйлсан, яагаад?
8. Чи харанхуйгаас айдаг уу? Гүн уснаас айдаг уу?
9. Чи юунаас хамгийн их айдаг вэ?
10. Амьдралд чинь тохиолдож байсан хамгийн бахархалтай үе хэзээ байсан бэ?
11. Амьд байх сүүлийн долоо хоног чинь эхлэлээ. Чи амжиж юу хийх вэ?
12. Сонсохоор л уур чинь хүрдэг, дургүй чинь хүрээд байдаг үг, өгүүлбэр байдаг уу?
13. Өдрийн хамгийн дуртай хэсэг чинь хэзээ вэ?
14. Ажил, мэргэжлээ сонгох нь чамд амархан байсан уу?
15. Байгалд гарахын юу нь чамд хамгийн таалагддаг вэ?
16. Хаашаа хамгийн их аялахыг хүсэж байна, яагаад?
17. Очих дургүй газар бий юу, яагаад?
18. Өмнө хийх гээд хийж зүрхлээгүй, гэхдээ хийхийг хүсдэг зүйл байдаг уу?
19. Юу чамайг аз жаргалтай болгодог вэ?
20. Чиний амьдралд тохиолдсон, чамайг өөрчилсөн эргэлтийн цэг юу байсан бэ
21. Чамайг хамгийн өөрчилсөн хүн хэн байсан бэ?
22. Чи бусдад өгөх дуртай юу, эсвэл бусдаас авах дуртай юу?
23. Үхэхээсээ өмнө хийж үзэхийг хүсдэг зүйлээсээ 5-г хуваалцвал?
24. Чиний хувьд хамгийн чухал зүйл юу вэ?
25. Хүнээс авч байсан хамгийн хамгийн зөвлөгөө юу байсан бэ?
26. Чи хүнд хэр итгэдэг вэ, чи хэнд итгэдэг вэ?
27. Чиний 3 хүслийг биелүүлье гэвэл чи юуг хүсэх вэ?
28. Чиний хувьд төгс амралтын өдөр ямар байх вэ?
29. Нэг нэгнийхээ хамгийн сайхан 3 шинж чанарыг хэлье
30. Чиний ярих дуртай сэдэв юу вэ, яагаад?
31. Бусдад талархлаа хэрхэн илэрхийлдэг вэ? Жишээ нь?
32. Бусдад гомдсоноо хэрхэн илэрхийлдэг вэ? Жишээ нь?
33. Чи хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?
34. Ямар үед чи биеэ барилгүй, чөлөөтэй өөрийнхөөрөө байдаг вэ?
35. Чиний хамгийн хүндэлж биширдэг хүн хэн бэ?
36. Сэтгэл чинь тавгүй байхад хажуу дахь хүмүүс чинь чамайг хэрхэн аргадаасай гэж хүсдэг вэ?
37. Чамайг хүссэн ажлаа хийж болно гэвэл чи юу хийх вэ
38. Чиний хэзээ ч мартахгүй дурсамж чинь юу вэ?
39. Хийнэ дээ гэж удаан мөрөөдсөн ч хэзээ ч эхлээгүй зүйл байдаг уу?
40. Өнөөдрийн чамайг чи болгоход хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл тохиолдсон үйл явдлаасаа хуваалцвал
41. Чи юуны тухай хамгийн их боддог вэ?
42. Манай нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал юу вэ?
43. Чиний аль болох зайгаа барьдаг төрлийн хүн эсвэл нөхцөл байдал юу вэ?
44. Чиний дэлхий тэр чигтээ сүйрч байгаа юм шиг чамд санагдаж байсан уу?
45. Болдог бол чи өнгөрснөө өөрчлөх үү?
46. Ямар нэг харилцааг хадгалж үлдэхэд хамгийн чухал чанар чиний хувьд юу вэ?
47. Чи нэг өрөөнд насан туршдаа хоригдоно. Өрөөн дотор өөр хүнтэй харилцахаас бусад бүх боломж бий. Чи юу хийж цагийг өнгөрөөх вэ?
48. Чи үхлийн талаар боддог уу? Айдаг уу?
49. Чи өнгөрсний талаар хэр их боддог вэ?
50. Чи хэн нэгнийг уучилчхаад харамсаж байсан уу?
51. Ямар харилцаа чиний хувьд төгс харилцаа вэ?
52. Тухайн мөчдөө чамайг их зовоосон ч, эргээд бодоход чамайг сайнаар өөрчилсөн, болсонд нь талархдаг зүйл байдаг уу?
53. Чи хэн нэгнийг хуурч байсан уу?
54. Амьдарч байгаа дэлхийгээ сайжруулахын төлөө чи юу хийсэн бэ? Хийдэг вэ? Хийх вэ?
55. Амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү сонголт юу байсан бэ?
56. Чиний хамгийн том сул тал юу вэ?
57. Цагаа дэмий өнгөрүүлж байгаа гэдгээ мэдэж байгаа ч хийсээр байгаа зүйл чинь юу вэ?
58. Хамгийн сүүлд хэнд хэзээ сайн үйл хийж тусалсан бэ?
59. Үхлийн дараах амьдралд итгэдэг үү?
60. Чи хэрвээ өнөөдөр үхвэл, юунд хамгийн их харамсах байсан бэ?
61. Чиний амьдралаар кино хийнэ гэвэл жанр нь ямар байх вэ?
62. Инээдтэй шалтгаанаас болоод гэмтэж байсан уу? Яаж?
63. Чи нэг жил ямар нэг эд зүйл болох ёстой болбол юу болох вэ? Яагаад?
64. Ямар хүнийг үзэсгэлэнтэй хүн гэх вэ?
65. Чиний очиж байсан хамгийн үзэсгэлэнтэй газар хаана вэ?
66. Чиний хамгийн тэвчиж чаддаггүй зан юу вэ? Чи өөрөө тийм зан хэзээ ч гаргаж байгаагүй юу?
67. Чи өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? Чи ямар ааш зантай хүн бэ?
68. Чамд ямар чанар дутагддаг юм шиг санагддаг вэ?
69. Чи амжилтыг хэрхэн хэмждэг вэ?
70. Алдаанаасаа сурсан хамгийн том хичээл юу байсан бэ?
71. Өмнөх харилцаанаасаа сурсан хамгийн том хичээл чинь юу вэ?
72. Чиний хувьд ямар харилцааг бат бөх харилцаа гэх вэ?
73. Хүн чамаас юу гэж асуугаасай гэж хүсдэг вэ?
74. Чи заяаны хань байдаг гэдэгт итгэдэг үү?
75. Чи хүн уйлуулж байсан уу? Яагаад?
76. Нар мандахыг шөнөжин хүлээж байсан уу?
77. Хамгийн сүүлд хэзээ уйлсан, яагаад?
78. Ямар үед өөртөө итгэлгүй болдог вэ?
79. Чи хайртай хүмүүсийнхээ төлөө юу хийж байсан бэ?
80. Шархалсан нь дээр үү, шархлуулсан нь дээр үү?
81. Чамд боломж олговол чи түүхийн аль хэсгийг өөрчлөх вэ?
82. Чи 5 мэдрэхүйгээсээ аль нэгийг нь алдах ёстой болбол алийг нь алдах вэ, яагаад?
83. Хамгийн ичмээр дурсамжаасаа хуваалцвал?
84. Чи хүний зүрх шархлуулж байсан уу?
85. Моногами буюу нэг хүнтэй л харилцаанд байх нь зүй ёсных уу, эсвэл уйтгартай юу?
86. Хайртай хүнийхээ төлөө хийж байсан хамгийн тэнэг үйлдэл чинь юу байсан бэ?
87. Хүссэн гоо сайхны хагалгаагаа үнэгүй хийлгэ гэвэл чи хаанаа хагалгаа хийлгэх вэ?
88. Чи хүн өөрчлөгддөг гэдэгт итгэдэг үү?
89. Чи хосоосоо/найзаасаа ямар чанарыг хайдаг вэ?
90. Үхэлтэй нүүр тулсан үе чамд байсан уу?
91. Хэн нэгэнтэй амьдралаа нэг өдөр соль гэвэл чи хэнтэй солих вэ?
92. Чи үхлээс айдаг уу?
93. Амьдралын чинь зорилго юу вэ?
94. Амьдрал бүтэлгүйтээд байхад чи юу хийж өөрийгөө тайтгаруулж, даван туулдаг вэ?
95. Чамтай их ижилхэн санагддаг хүүхэлдэйн болон киноны дүр байдаг уу? Юугаараа адилхан бэ?
96. Бусад хүмүүст сонин санагдмаар зуршил чамд байдаг уу?
97. Эсрэг хүйстний чинь ямар зан, байдал чамайг бүр унтрааж орхидог вэ?
98. Чи өөрөө өөрийнхөө аз жаргалтай төгсгөлийг бүтээх үү эсвэл хувь заяанаас хамаарах уу?
99. Чи хаана өөрийгөө илүү сайжруулах шаардлагатай байгаа гэж боддог вэ, яагаад?
100. Ажил, хайр, найз нөхөд – Энэ гурвыг хамгийн чухлаас нь эхлэн дараалуулж хэлээрэй.
101. Өнөөдрийн өөртөө сэтгэл хангалуун байна уу?