БОЛОВСОН БУХИМДАЛ

Бараг л өдөр болгон ойр тойрны хэн нэгэн маань биднийг ямар нэгэн байдлаар гомдоох ч юм уу, дургүй хүргэм үйлдэл хийдэг. Найз, хамтран ажиллагч, магадгүй бяцхан жаалууд, гэхдээ дийлэнхдээ бидний романтик хамтрагч нар. Тэд бидэнд чухал санагддаг зүйлсэд тоомжиргүй хандана, үл тооно, муухай аашилна, мэдрэмжгүй загнана. 

Магадгүй бид тухгүй нөхцөл байдалд өөрсдийгөө хэрхэн хариу үзүүлдгээ хэзээ ч анзаарч байгаагүй байж болох юм.  Гэвч тухгүй нөхцөлд таны хэрхэн реакц үзүүлдгээс хамааран амьдрал нэг бол хязгааргүй үргэлжлэх уур бухимдал, хорсол гашуудлын хэлхээ эсвэл аятайхан зэрэгцэн оршиж болохуйц туршлага болон хувирна. 

Ингээд бодоход амьдрах урлагийн нэгээхэн чухал хэсэг нь магадгүй бидэнд шударга бус хандсан, биднийг уурлуулсан хүмүүст ухаалгаар мөн үр дүнтэйгээр гомдоллох чадварт суралцах явдал юм. 

Ингээд гомдол илэрхийлэх гурван төрөлтэй хамтдаа танилцъя. Та аль төрөлд нь хамаарч байна гэдгээ анзаараарай.

1.     Бадрангуй уур хилэн 

Бид өрсөлдөгчөө үгүй хийхийн тулд хашхирна, харааж зүхнэ, доромжилно, дэлбэртлээ уурлана. Энэ хариу үйлдлийн цаана сандрал, түгшүүр, урвалт, гомдол нуугдана.

Нэр хүндэд минь халдах гэсэн оролдлого, дорд үзэгдсэн мэдрэмж, тохуурхалаас өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого маань ингэж чанга бас хүчтэй илэрнэ. 

Харамсалтай нь энэ бадарсан уур хилэн бидний нөгөө хүндээ сонсогдох боломжийг харин ч нэг хааж өгнө дөө. Үр дүнд нь анх биднийг мэдрэмжгүй царайлж гомдоосон хүн өөрөө гомдоод, уурлаад, яриа маань гомдол анх үүссэн шалтгаанаас шал өөр тийшээ хазайгаад явчихна. Юу ч сайжирсангүй. Бүх зүйл улам л дордчихлоо…

2.     Цэвдэг уур хилэн

Энд хамаарах хүн бага ярьдаг ч маш чимээгүй бас гүн үзэн яддаг. Нөгөө хүн маань угаасаа намайг хэзээ ч ойлгохгүй гэсэн ццөхрөлөөсөө болоод тэд гомдлоо ил тод илэрхийлэхээс татгалзана.

Угаасаа намайг хэн ч ойлгохгүй, хэн ч сонсдоггүй. Миний бодол, миний мэдрэмж чухал биш. Хэнд ч хамаагүй. Энэ бодлууд хүнийг юунд ч итгэдэггүй, дүнсгэр нэгэн болгож орхино.

Тэд бусдаас зайгаа барихын мастерууд. Том болох явцад хажууд байсан томчууд бодол мэдрэмжийг нь сонсоход хэтэрхий завгүй, хөндий байсан… Иймд багаасаа л гомдол, гунигаа дотогшоо залгилж сурна. Дотор нь уур гомдол буцалж байсан ч гаднаа хүйтэн хөндий аашилна. 

3.      Боловсон бухимдал 

Бид өөрсдөдөө хангалттай дуртай байхад бусдын таагүй үг бидэнд тийм ч хүнд тусахгүй. Хэдий тавгүй мэдрэмж өгсөн нөхцөл байдалд байлаа ч тухайн үед тайвнаар өөрийн хэлэх зүйлээ хэлэх чадварыг хэлнэ. Нөгөө хүнээ аль болох доромжлон, басалгүйгээр яг энэ нөхцөл байдалд БИ ХЭРХЭН МЭДЭРЧ байгаагаа л илэрхийлнэ. 

Чи муу хувиа хичээсэн өөдгүй амьтан үргэлж л ингэдэг гэж хэлэхийн оронд чамайг ингэхэд надад хэцүү байдаг гэж хэлэх нь илүү үр дүнтэй.

Хүн хараал, доромжлол сонссон даруйд л чих хэвийн ажиллахаа больчихдог гэдгийг ямагт санах хэрэгтэй. Тэгж ч амархан энэ харилцан яриаг дуусгахгүй шүү. Үр дүнтэй л гомд.

Мэдээж хэрэг хүн бүхэн нэг нэгнээ төгс ойлгож, хүлээн зөвшөөрдөг цаг ирнэ гэж хоосон мөрөөдөх хэрэггүй. Гэсэн ч бид ярилцсаар л байх хэрэгтэй. Өөрийн бодол мэдрэмжээ дотроо удаан хадгалах нь бидэнд муу гэдгийг бүгд сайн мэднэ. Тийм болохоор бугларч л болохгүй. Харилцан яриа бидний амьдралд эерэг нөлөө үзүүлэх магадлалд итгэж, ямар ч үед нээлттэй ярилцахад бэлэн байгаарай.

Хэн ч төрөхдөө төгс төрдөггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харж, хүлээн зөвшөөрөх нь бидэнд өчигдрөөсөө илүү дээр БИ болох боломжийг нээж байдаг. Та магадгүй өчигдөр гомдсондоо хашхичин уурлаж, дэлбэрсэн байж болно. Маргааш гэхдээ боловсноор гомдоллох эхний алхмаа хийж чадна гэдэгт чинь бид итгэж байна. 

Сэтгэгдэл үлдээх
20 Shares:
Танд санал болгох нийтлэл