Өнөөдрийн нийтлэлийн сэдвээ олох гэж нэлээн шаналав. Шаналсны эцэст нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн хэзээ ч бухимдаж байгаагүйгээрээ бухимдацгаах болсонтой холбоотой уур бухимдлын цаана нуугдах итгэл найдварын талаар бичихээр шийдлээ.
Ууртай хүн нэг л дүнсгэр, их л гутрангуй харагдана.
Жишээ нь Болдоо. Тэр үргэлж л бухимдана. Болдоо эхнэр Дулмаатай гэрлээд 15 жил болж байна. Тэд 3 хүүхэдтэй. Өдөр хоног өнгөрөх тусам хүүхдүүдийн хэрэгцээ нэмэгдэж байгаа ч түүний цалин улам л үнэгүйдсээр. Нэг л мэдэхэд мах кг нь 16000 төгрөг, бензин литр нь 2400, долларын ханш 2920. Болдоо галзууртлаа бухимдана. Гэхдээ түүний дотор гүнээс гүнд итгэл найдвар нуугдана.
Болдоо жижиг сажиг зүйлсээ мартаж санана. Өнөөдөр тэр машиныхаа түлхүүрийг олсонгүй. Хааччихдаг байна аа, энд байсан х@раал идсэн түлхүүр. Болдоо дэлбэртлээ уурлана. Гэхдээ л түүний дотор гүнээс гүнд итгэл найдвар нуугдана.
Болдоо онгоцны буудал дээр очно. Гэтэл нислэг нь 4 цагаар хойшилсон гэдгийг сонсоод тэр галзууртлаа уурлана. Бүртгэлийн хэсэг дээр ажиллаж байсан залуухан эмэгтэй дээр ууртай гэгч нь явж очоод хамаг үгээ урсгана. Гэхдээ Болдоогийн дотор итгэл найдвар байгаа болохоор л тэр ингэж уурлана.
Ямар итгэл найдвар гэж үү? Түүний дотор өөдрөг үзэлтэн байгаа учраас л тэр уурлана. Улс орны эдийн засаг нь тогтвортой, хэрэгтэй зүйлс нь байсан байрандаа байж л байдаг эмх цэгц, аялал яг л төлөвлөгөөний дагуу явдаг амьдрал байж болох л байсан гэх өөдрөг үзэл. Хүлээлт нь бүтэлгүйтэх болгонд тэр уурлана.
Болдоогийн бухимдлыг үүсгэж буй гадаад хүчин зүйлс үргэлжлэн оршсоор байх болно. Гэхдээ Болдоо нөхцөл байдлыг дотроо хэрхэн хүлээж авч байгаагаа гүн ухаан болон философийн тусламжтайгаар өөрчилж чадна.
Бодит байдал бол гунигтай, утгагүй бас төгс байх боломжгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх нь эхний алхам. Амьдралд нэг нэгнээ үргэлж л ойлгодог төгс харилцаа гэж хэзээ ч байдаггүй гэдгийг, бусдын бүтэлгүй шийдвэр бидний амьдралд үргэлж л нөлөөлсөөр байх болно гэдгийг, бид өөрт чухал зүйлсээ үргэлж л алдаж байдаг гэдгийг, амьдрал хэзээ ч төлөвлөсний дагуу явахгүй гэдгийг, амьдрал нь өөрөө сэтгэл гонсойлт, гуниг, харууслын хэлхээс гэдгийг хүлээн зөвшөөрөх нь түүнийг уур бухимдлаас нь чөлөөлнө. Өөрийн бүх итгэл найдвар, хүлээлтээ няц гишгэсэн цагт л бухимдал нь багасна.
Бидний дотор багахан хэмжээний Болдоо оршиж л байдаг. Хэрвээ та илүү тайван болохыг хүсэж байвал магадгүй амьдралаас хүлээх хүлээлтээ хэт өөдрөг байлгахаа болих хэрэгтэй. Гутрангуй үзэл магадгүй амар амгалангийн эхлэл байх.
Жич: Энэхүү нийтлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар батлагдсан нийтлэл биш бөгөөд танд амьдралыг арай өөр өнцгөөс нь харуулах гэсэн оролдлого болно.